Khaliun Ann
2 min readSep 1, 2022

“Say what you are thinking, not what you think you should say”

… Эргэн өнгөрөх бодол , эргэлдэн өнгөрөх цаг хугацааны урсгалд бид сонголтоор дүүрэн оршдог. Энэ удаад бидний амьдралд учирдаг солонгын долоон өнгөтэй сонголтуудын талаар дурдмаар санагдлаа. Таны амьдралд боломж болон урган гарч ирдэг олон сонголтуудаас хамгийн хэцүү бөгөөд шийдэмгий сонголтууд юу байсан бэ? Та өөрөөсөө асуугаад үзээрэй… Магадгүй та дараа нь харамсаж аль эсвэл эргэлзэж байсан ч байж магадгүй. Аль эсвэл хэзээ ч харуусхааргүй алтан ургацаа түүсээр ирсэн үү ?

… Хэн бүхэн амьдралынхаа олон мөчлөгт бүхий л шийдвэрүүдийнхээ эзэн нь байсаар ирсэн. Тэгвэл сонгосон зам сөрсөн уртрагаа сайрхаж эсвэл сөгдөж алхсан үе хүн бүхэнд бий байх. Энгийнээс эгзэгтэй үе бүртээ өөртөө өмөрхөж эсвэл өширхөж ирсэн өдөр бүрээ өргөөд хийсгээрэй… Дааж чадахаар байна уу? дийлэхгүй дэвслэх нь үү? Дамжлаад өргөлцөх хүн байна уу? байвал та азтай юм. Байхгүй байвал та бүүр ч илүү азтай нэгэн байна. Учир юу вэ гэж үү? Учир нь та ганцаараа сонгосоор ирсэн шийдвэр бүрээ шигшээд өөрийнхөө хүчээр урагшлах нь. Таныг сорьж байгаа юм шүү…

… Тэр үед л тэгчих минь яав даа. Тэгэхэд ингэсэн бол гэж би хэзээ ч боддоггүй. Зүгээр л алдсан, оносон бүх үеүддээ өөртөө итгэдэг. Итгэсээр ч байх болно. Алдаагаа байнга санахыг зорьдоггүй ч алгуурхан засахыг алсдаа боддог. Бодоод үз л дээ? Бүдэрч унаад, өвдсөнөөсөө болоод шархаа хараад уйлаад суугаад л байвал суугаад л байна шүү дээ. Өвдгөө гөвөөд, доголоод ч хамаагүй босоод алх аа. Хэн ч таныг зогсоож чадахгүй. Та өөрөө ч чадахгүй дээ… Зүрх сэтгэл, доторх баяцхан жаал чинь гүйгээд л байна… Мянган хүн таны эсрэг зогсоод, долоовор хуруугаараа чичлэн “Чи чадахгүй ээ” гэж хэлсэн удаа байгаа байх тийм үү? Аль эсвэл харцаараа тэд хэлдэг тийм ээ… Тэгэж л байг та урдах сонголтондоо анхаараад өөдөө тэмүүлэхэд л хангалттай. Гол нь өөрөө өөртөө цаг гаргаж, өөртэйгөө ярилцаж сураарай. Өөртөө итгэх итгэл, сэтгэлийн дархлаагаа өрөөлөөс бус өөрөөсөө цэнэглэх нь амьдралд байж болох хамгийн том бодлын булчин билээ. Өдөр бүр шүршүүрт орж , эрдэс шимтэй хоол тэжээлээр биедээ анхаарал тавьдаг шиг ээ, сэтгэлийн эрүүл мэндээ эелдгээр тэжээгээрэй.